/ Хууль эрх зүй / Хууль / ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2002 оны 6 дугаар сарын 13-ны өдөр   Улаанбаатар хот

 

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

/Энэ гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь цэргийн жинхэнэ алба хаагч, дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн болон цэргийн сургуулийн сонсогч /цаашид "цэргийн алба хаагч" гэх/-д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

2 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль тогтоомж

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.1.Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль тогтоомж нь Цэргийн албаны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар албан үүргээ гүйцэтгэж байх үедээ цэргийн эд хөрөнгөд хохирол учруулсан цэргийн алба хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.2.Энэ хууль цэргийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгээгүй байх үед учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцан арилгах болон цэргийн анги, байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй иргэнд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцаанд үйлчлэхгүй.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“цэргийн эд хөрөнгө” гэж цэргийн анги, байгууллагын эзэмшилд байгаа, санхүүгийн тайлан бүртгэлд нь туссан бүх төрлийн галт зэвсэг, галт хэрэгсэл, цэргийн техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, барилга байгууламж, шатах-тослох материал, мал, хүнсний бүтээгдэхүүн болон бусад эд хөрөнгийг;

4.1.2.“цэргийн эд хөрөнгөд хохирол учруулах” гэж цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан буюу бусад байдлаар олгосон цэргийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах үедээ эвдэж гэмтээх, үрэгдүүлэх, гээгдүүлэх, завших, устгах болон бусад хэлбэрээр эд хөрөнгийн хохирол учруулахыг;

/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 4.1.3.“цэргийн анги, байгууллага” гэж цэргийн бүх шатны удирдлагын байгууллага, нэгтгэл, анги, цэргийн сургууль болон батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг бусад хуулийн этгээдийг.

Хэвлэх

 


  ХОЁРДУГААР БҮЛЭГ  

Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлага /Энэ бүлгийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5 дугаар зүйл. Цэргийн алба хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.1.Албан үүргээ гүйцэтгэж байх үедээ цэргийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай цэргийн алба хаагчид эд хөрөнгийн хариуцлагыг учруулсан бодит хохирлын хэмжээгээр хүлээлгэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.2.Цэргийн эд хөрөнгөд хохирол учруулсан цэргийн алба хаагч нь тухайн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-дээ эрүүгийн, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээсэн нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.3.Цэргийн алба хаагч дараахь тохиолдолд эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө:

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.3.1.цэргийн анги, байгууллагын зүгээс эд хөрөнгийн бүрэн бүтэн байх шаардалагатай орчин, нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирол;

5.3.2.илт хууль бусаас бусад тушаал, захирамж биелүүлснээс учирсан хохирол;

5.3.3.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол;

5.3.4.албан үүргийн дагуу хийсэн үндэслэл бүхий эрсдэл;

5.3.5.хууль тогтоомжийн дагуу хийсэн хууль ёсны үйлдлийн улмаас учирсан хохирол.

5.4.Цэргийн алба хаагчийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу цэргийн анги, байгууллага төлсөн тохиолдолд гарсан зардлыг гэм буруутай цэргийн алба хаагч энэ хуульд заасан журмын дагуу барагдуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

6 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.Цэргийн алба хаагчид эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг учирсан бодит хохирлын хэмжээгээр дор дурдсан тохиолдолд хүлээлгэнэ:

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 6.1.1.цэргийн алба хаагчийн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.2.гэмт хэргийн шинжтэй эсэхээс үл хамааран цэргийн эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн, муутгасан, ашиглан шамшигдуулсан, хууль бусаар захиран зарцуулсан буюу санаатай бусад үйлдлээр хохирол учруулсан;

6.1.3. согтууруурлах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хохирол учруулсан.

Хэвлэх

7 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.Цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа цэргийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шинжгүй бол цэргийн албан хаагчид эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагыг учирсан бодит хохирлын хэмжээг харгалзан цэргийн алба хаагчийн нэг сарын дундаж цалингаас илүүгүй хэмжээгээр ногдуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ  
Хохирлын хэмжээг тодорхойлох, шалгах, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх журам  

8 дугаар зүйл.Хохирлын хэмжээг тодорхойлох

8.1.Хохирлын хэмжээг цэргийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлын хэмжээгээр тодорхойлох бөгөөд уг бодит хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнээс зохих нормоор бодсон элэгдэл хорогдлыг хасаж жинхэнэ гарсан алдагдлаар тооцно.

8.2.Тусгай зориулалтын болон зах зээлийн үнийг нь тодорхойлох боломжгүй эд хөрөнгийн үнийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тусгай зориулалтын цэргийн эд хөрөнгийн үнийн жагсаалтад туссанаар, хэрэв уг жагсаалтад тусаагүй бол нягтлан бодох бүртгэлд туссан өртгөөр тодорхойлно.

8.3.Хэд хэдэн цэргийн алба хаагч хамтран цэргийн эд хөрөнгөд хохирол учруулсан бол нэг бүрийн хүлээх эд хөрөнгийн хариуцлагыг учирсан хохирлын хэмжээ, хохирол учруулсан нөхцөл байдал, гэм бурууг нь харгалзаж албан хаагч тус бүрээр тогтооно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

9 дүгээр зүйл.Эд хөрөнгөд учирсан хохирлыг шалгах

9.1.Цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ цэргийн эд хөрөнгөд хохирол учирсан тухай мэдмэгц учирсан хохирлын шалтгаан, хэмжээ болон гэм буруутай этгээдийг тогтоохын тулд ажлын хэсэг томилж, захиргааны журмаар шалгалт хийлгэнэ. Шалгалтыг 14 хоногийн дотор хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно.

9.2.Шалгалтын явцад гэмт хэргийн шинж бүхий нөхцөл байдал илэрвэл цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ энэ тухай холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж материалыг шилжүүлнэ.

9.3.Эрх бүхий байгууллагын хийсэн шалгалтын дүнд гэм буруутай цэргийн алба хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзвэл тухайн цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ захиргааны журмаар шалгалт хийхгүй байж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

10 дугаар зүйл. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх

10.1.Шалгалтаар тогтоосон цэргийн алба хаагчийн учруулсан бодит хохирлын хэмжээ нь хохирол учрах үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс хэтрээгүй бол тухайн цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ шалгалтын дүнг үндэслэн учирсан хохирлыг арилгуулахаар 14 хоногийн дотор эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал гаргана.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Тушаалд төлбөр барагдуулах хугацааг заах ба тушаалыг эд хөрөнгийн хариуцлага хүлээж байгаа цэргийн албан хаагчид биечлэн танилцуулна.

10.2.Шалгалтаар тогтоосон цэргийн алба хаагчийн учруулсан бодит хохирлын хэмжээ нь хохирол учрах үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс их байвал тухайн цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.3.Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн, сонсогчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхдээ сарын цалингийн хэмжээг нь хохирол учрах үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож тодорхойлно.

10.4.Ногдуулсан төлбөрийг цэргийн алба хаагчийн цалингаас суутгах тохиолдолд сар бүрийн суутгалын хэмжээ нь тухайн цэргийн албан хаагчийн нэг сарын цалингийн 50 хувиас хэтэрч болохгүй. 

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.5.Эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн цэргийн алба хаагч цэргээс халагдах, чөлөөнд гарах, цугларалт дуусах үед төлбөрөө төлж дуусаагүй бол үлдсэн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасны дагуу төлүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.6. Эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн цэргийн алба хаагчийг хүлээсэн төлбөрөө төлж дуусаагүй байхад өөр цэргийн анги, байгууллагад шилжүүлбэл эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн тушаалыг нь түүний шилжин очих цэргийн анги, байгуулагад нь хүргүүлж төлүүлнэ. 

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.7.Шүүх болон цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ хохирол учирсан нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ болон цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан нөхөн төлөх төлбөрийн хэмжээг багасгаж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.8.Энэ хуулийн 10.7 дахь хэсэг нь энэ хуулийн 6 дугаар зүйлд хамаарахгүй.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрт гомдол гаргах

11.1.Цэргийн алба хаагч эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.Цэргийн алба хаагчид үндэслэлгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн болох нь тогтоогдвол эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн тушаалыг хүчингүй болгож, цэргийн алба хаагчийн төлсөн төлбөрийг түүнд буцаан олгох ба цэргийн алба хаагчид учирсан бусад гэм хорыг иргэний хууль тогтоомжид заасны дагуу арилгуулах асуудлыг тухайн тушаал гаргасан цэргийн анги, байгууллагын захирагч хариуцна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.3.Гомдол гаргасан нь түүний цалингаас суутгах суутгалыг зогсоох үндэслэл болохгүй.

Хэвлэх

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл

12 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

12.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

13 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

13.1. Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна