/ / МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /II хэсэг/

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /II хэсэг/

/Эхлэл I хэсэгт/

 

29 дүгээр зүйл. Цэргийн албан хаагчийн эрхийн зарим хязгаарлалт

 1. Цэргийн албан хаагч цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавих шаардлагаас үндэслэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 1/ цэргийн албан хаагч улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг эвсэл, холбооны гишүүн байх;

 2/ төрийн бодлого, цэргийн удирдлагын шийдвэр, захирагч даргын тушаалыг эсэргүүцэх;

 3/ захирагч, даргын зөвшөөрөлгүйгээр цэргийн дүрэмд зааснаас бусад жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцох;

 4/ байлдагч, түрүүч нь цэргийн жинхэнэ алба хаах хугацаандаа цэргийн анги, байгууллагын зохион байгуулснаас бусад сургууль, дамжаанд суралцах;

 5/ анги, байгууллагын захирагч, даргын зөвшөөрөлгүйгээр гадаад улсад зорчих;

 6/ цэргийн нууц баримт бичиг, зэвсэг, техниктэй холбогдох албан тушаалд ажиллаж байсан офицер, ахлагч цэргийн албанаас бэлтгэлээр халагдсаны дараа гурван жилийн дотор гадаад улсад байнга оршин суухаар явах.

 2. Цэргийн албан хаагчийг байлдааны жижүүрлэлт, харуул, манаанд гарах, хээрийн сургууль, цугларалтын үед болон хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актад зааснаар илүү цагаар ажиллуулж болно.

 З. Анги байгууллагын захирагч даргын шийдвэрээр цэргийн албан хаагчийн амралтын цагийг цэргийн дүрэмд заасны дагуу хязгаарлаж болно.

 4. Цэргийн албан хаагчийн алба хааж буй ангийн байршлаас шалтгаалан түүний оршин суух газрыг тухайн ангийн захирагч тогтоож болно.

 5. Цэргийн албаны үүрэг гүйцэтгэж байхдаа эд хөрөнгийн хохирол учруулсан цэргийн албан хаагчид хууль тогтоомжид заасны дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

 6. Цэргийн албан хаагчийг цэргийн дүрэмд заасан шийтгэл оногдуулах журмаар сахилгын хорих байранд тусгаарлан саатуулж болно.

Захирагч /дарга/-ын тусгаарлан саатуулах эрх, цэргийн албан хаагчийг тусгаарлан саатуулах журмыг цэргийн дүрмээр тогтооно.

/Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

291 дүгээр зүйл. Галт зэвсэг хэрэглэх

1. Цэргийн хүрээ, хотхон, ангийн захирагч /дарга/-ийн тушаалаар томилогдсон жижүүр, харуул, манааны бүрэлдэхүүн, тусгай үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч, цэргийн тусгай ачаа хамгаалагч нь аливаа халдлага, гэмт этгээдийн үйлдэл, эсэргүүцлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй дараахь тохиолдолд эцсийн арга хэмжээ болгон галт зэвсэг хэрэглэх эрхтэй:

1/ цэргийн харуул хамгаалалтад байгаа обьектод хүч хэрэглэн халдах;

2/ байлдааны зэвсэг, техникийг булаан авахаар оролдох;

3/ цэргийн албан хаагч болон иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохуйц халдлага хийх;

4/ оргон зугтсан онц аюултай гэмт хэрэгтэнг баривчлахад дэмжлэг үзүүлэх.

2. Боломжтой бүх тохиолдолд зэвсэг хэрэглэхийн өмнө заавал урьдчилан анхааруулна.

3. Цэргийн албан хаагч аюулын дохио өгөх, тусламж дуудах, араатан амьтнаас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд зэвсэг хэрэглэж болно.

4. Цэргийн албан хаагчийн зэвсэг авч явах, хэрэглэх журмыг цэргийн дүрмээр тогтооно.

/Энэ зүйлийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Дайчилгаагаар цэргийн албанд татах,

цэргийн албанаас халах

  З0 дугаар зүйл. Цэргийн албанд дайчилгаагаар татах  

 1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгааг зарлан, цэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн албанд татаж З сар хүртэл хугацаагаар үүрэг гүйцэтгүүлж болно.

 Шаардлагатай тохиолдолд дээрх хугацааг зөвхөн хуулиар сунгана.

 2. Дайны үед дайчилгаагаар цэргийн албанд татах насны дээд, доод хязгаарыг Монгол Улсын Их Хурал өөрчлөн тогтоож болно.

 З. Дайны үед ажиллах онц чухал үйлдвэрийн газар, байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор цэргийн албанд татахаас чөлөөлөх цэргийн үүрэгтний жагсаалтыг тайван цагт Монгол Улсын Засгийн газар урьдчилан тогтооно.

 З1 дүгээр зүйл. Дайчилгаанаас халах  

 Бүх нийтийн болон хэсэгчилсэн Дайчилгаагаар ирсэн цэргийн албан хаагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр цэргийн албанаас хална.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

 


ДОЛДУГААР БҮЛЭГ
Албан тушаалтан, иргэнд хүлээлгэх хариуцлага

 З2 дугаар зүйл. Захиргааны хариуцлага  

 1. Байгууллагын эрх баригч /албан тушаалтан/ цэрэг татлагын товчооны дарга, гишүүн, үзлэг хийсэн эмч энэ хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, түүнчлэн иргэнээс цэргийн үүргээ биелүүлэхэд саад хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол түүнийг аймаг, нийслэлийн Засаг дарга 50000 хүртэл төгрөгөөр, сум, дүүргийн Засаг дарга З0000 хүртэл төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 2. Цэргийн тоо бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, нийслэлийн Засаг дарга, цэргийн штабын дарга 50000 хүртэл төгрөгөөр, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга 10000 хүртэл төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

3. Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн хуулийн этгээдийн хууль бусаар олсон орлого буюу эд хөрөнгийг хурааж, иргэн, албан тушаалтныг 10000-60000 төгрөгөөр, байгууллагыг 80000-250000 төгрөгөөр эрх бүхий улсын байцаагч тус тус торгоно.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

 33 дугаар зүйл. Албан тушаалтан, иргэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага

 Албан тушаалтан, иргэн энэ хуулийн заалтыг зөрчсөн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол түүнд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 З4 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох  

 Энэ хуулийг 1992 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН  ДАРГА Р. ГОНЧИГДОРЖ  

 

 МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                             Б. ЧИМИД

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна