/ / ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 

2014 оны 01 сарын 16 өдөр

 

Төрийн ордон, Улаанбаатар хот

 ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ

ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан аймаг, нийслэлийн Иргэний зөвлөлийн таваас долоон гишүүнийг анх томилохдоо таван гишүүнтэй байх бол нэг гишүүн нь нэг жил, хоёр гишүүн нь хоёр жил, хоёр гишүүн нь гурван жил, долоон гишүүнтэй байх бол нэг гишүүн нь нэг жил, гурван гишүүн нь хоёр жил, гурван гишүүн нь гурван жилийн хугацаатай байхаар тус тус томилно.

2 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 19.5-д заасан жишиг стандарт, 20.1.3-т заасан эрх зүйн актыг баталж, мөрдүүлэх хүртэл хугацаанд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хуульд заасан цагдаагийн байгууллагад дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг шилжүүлэх ажлыг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

4 дүгээр зүйл.Дотоодын цэргийн алба хаагч цагдаагийн албанд шилжсэн үеэс Цагдаагийн албаны тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Алба хаагчдыг цагдаагийн мэргэжлийн сургалтад хамруулж, хувцас, агсамжаар хангах ажлыг цагдаагийн төв байгууллагын дарга хариуцан гүйцэтгэнэ.

5 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан алба хаагч, ажилтны цалин хөлс, хангамжийн нөхцөлийг дордуулахгүй байх арга хэмжээг Засгийн газар авна.

6 дугаар зүйл.1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийх, ашиглах журмын биелэлтэд хяналт тавих цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх захиргааны үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэх хүртэл хугацаанд цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

7 дугаар зүйл.1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулиар олгосон цолны тэмдгийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зөвхөн цагдаагийн алба хаагчийн ёслолын хувцсанд зүүж хэрэглэнэ. Ёслолын хувцсыг өдөр тутам болон албан хэрэгцээнд өмсөж хэрэглэхийг хориглоно.

8 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 20.1.15-д заасан “мөрдөгч” гэсэн нэр томьёонд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан “хэрэг бүртгэгч”, “мөрдөн байцаагч” тус тус хамаарна.

9 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 9.1, 13.4.2, 13.8, 16.1.2, 22.1.1, 23.2, 40.4-т заасан “мөрдөн шалгах” гэснийг “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт” гэж, мөн хуулийн 9.2.4, 40.3-т заасан “мөрдөн шалгах нууц ажиллагаа” гэснийг “гүйцэтгэх ажил” гэж, мөн хуулийн 13.9, 23.2, 40.4-т заасан “холбогдох хууль” гэснийг “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”, 26.3-т заасан “холбогдох хууль” гэснийг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль” гэж, 41.2-т заасан “холбогдох хуульд” гэснийг “Захиргааны хариуцлагын тухай болон Эрүүгийн хуульд” гэж тус тус ойлгоно.

10 дугаар зүйл.Цагдаагийн алба хаагч зөвхөн дүрэмт хувцастай үүрэг гүйцэтгэх үедээ нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид төрөөс олгодог нөхөн олговрын цагдаагийн алба хаагчид холбогдох хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зогсоож, Төрийн албаны тухай хуулийн 27.1.3-т заасны дагуу ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлыг цагдаагийн алба хаагчид нөхөн олгоно.

/Энэ зүйлийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

11 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т заасан урамшлыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид нэг удаа 2014 онд олгох бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа хугацаа нь 60 сар хүрээгүй цагдаагийн алба хаагчид урьд тасралтгүй ажилласан жилийг оруулан тооцож 2015 оноос эхлэн олгоно.

12 дугаар зүйл.Энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан урамшлыг олгохдоо цагдаагийн алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээгээр тогтоосон зэрэглэл, шатлалын дагуу тооцно.

13 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7.1.6-д заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хуульд заасны дагуу баривчлахаар шилжүүлсэн хүмүүсийг хүлээн авч, холбогдох шийдвэрийг биелүүлэх үүргийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Баривчлах шийдвэр биелүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн, баривчлах байранд байсан хугацааны шууд зардлын хэмжээг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн тус тус хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14 дүгээр зүйл.Хорих ял эдлээд суллагдсан, тэнсэн харгалзсан, ял эдлүүлэхийг хойшлуулсан зарим хүнд тавих захиргааны хяналтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн баталж, мөрдөх хүртэл хугацаанд цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

15 дугаар зүйл.Тахарын албаны тухай хуульд заасан шүүхийн аюулгүй байдлыг хариуцах алба, нэгж байгуулагдах хүртэл хугацаанд шүүхийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

16 дугаар зүйл.Хууль сахиулагч албаны үүргээ гүйцэтгэх үедээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх харилцааг зохицуулах холбогдох хууль батлагдаж, хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд цагдаагийн байгууллага, алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 33.6-д заасан биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхдээ энэ хуулийн 17-21 дүгээр зүйлд заасныг баримтална.

17 дугаар зүйл.

17.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхэд дараах нийтлэг үүргийг хүлээнэ:

17.1.1.бололцоотой бүх тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх тухайгаа урьдчилан сануулах;

17.1.2.тухайн нөхцөл байдалд хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх;

17.1.3.хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэн шууд захирах даргадаа, шууд захирах дарга нь прокурорт мэдэгдэх.

17.2.Цагдаагийн байгууллагад ашиглах галт зэвсэг, тусгай хэрэгслийн жагсаалт, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх зааврыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батална.

17.3.Төрийн тусгай албанаас бусад аж ахуйн нэгж, байгууллага, түүнчлэн иргэн цагдаагийн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, тусгай хэрэгслийг үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаадаас оруулж ирэх, олж авах, борлуулахыг хориглоно.

17.4.Албаны зориулалтаар шинээр галт зэвсэг, тусгай хэрэгслийг худалдан авах, албан хэрэгцээнд оруулахаас өмнө хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан танилцуулж, зөвшөөрөл авна.

17.5.Цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр албан хэрэгцээнд хүлээн авч бүртгэсэн тусгай хэрэгслийг цагдаагийн байгууллагад хэрэглэнэ.

17.6.Цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд хууль тогтоомжид заасан журмыг хэрэгжүүлэх боломжгүй, эсхүл өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул тулгарсан тохиолдолд цагдаагийн алба хаагч тусгай хэрэгсэл, галт зэвсгийг шууд сонгон хэрэглэж болно.

17.7.Цагдаагийн алба хаагч хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.

18 дугаар зүйл.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч хэрэглэж болох бөгөөд хүч хэрэглэхгүйгээр үүргээ гүйцэтгэх боломжтой тохиолдолд биеийн хүч хэрэглэхгүй.

19 дүгээр зүйл.

19.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч тусгай хэрэгслийг дараах үндэслэлээр хэрэглэнэ:

19.1.1.хүний амь нас, эрүүл мэндэд учирч болох аюулыг таслан зогсоох;

19.1.2.гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэж байгаа этгээдийн үйлдлийг таслан зогсоох, баривчлах;

19.1.3.зэвсэглэсэн болон эсэргүүцэл үзүүлж болзошгүй этгээдийг баривчлах;

19.1.4.баривчлагдсан этгээдийг цагдаагийн байгууллага, төрийн бусад байгууллагад хүргэх, сэжигтэн, яллагдагчийг хуяглан хүргэх;

19.1.5.гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон этгээд болон цагдаагийн байгууллагын хяналтад байгаа иргэн амиа хорлохоос урьдчилан сэргийлэх зорилгоор;

19.1.6.сэтгэцийн эмгэг, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас өөрийгөө удирдах чадвараа алдсан, түүнчлэн согтууруулах, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн, эсхүл бусад этгээд догшин, хэрцгий авирлаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар бол;

19.1.7.олон нийтийн арга хэмжээний үед нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол;

19.1.8.нийтийн эмх замбараагүй байдал, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг таслан зогсоох, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг биелүүлэх;

19.1.9.бусдын албаны болон орон байрыг эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх;

19.1.10.гэмт хэрэг, зөрчлийг шалгах ажиллагааны үед оргон зайлах, дахин гэмт хэрэг үйлдэх, амиа хорлохоос урьдчилан сэргийлэх;

19.1.11.тээврийн хэрэгслийг зогсоох цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлэн зугтаасан бол;

19.1.12.энэ хуулийн 19.8-д заасан үндэслэл бий болсон бол.

19.2.Энэ хуулийн 19.1.4, 19.1.5-д заасан тохиолдолд энэ хуулийн 19.5.1, 19.5.2, 19.5.7-д заасан тусгай хэрэгслийг хэрэглэж болох бөгөөд энэ хуулийн 19.1.11-д заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгсэл, тээврийн хэрэгсэл болон бусад зүйлээр хаалт тавьж болно.

19.3.Цагдаагийн байгууллага, алба хаагч хуульд заасан үүргээ гүйцэтгэхдээ дараах тусгай хэрэгсэл хэрэглэнэ:

 19.3.1.олон хүнд нөлөөлөх;

19.3.2.нэг бүрийн;

19.3.3.бусад.

19.4.Хоёр ба түүнээс дээш хүнд нэгэн зэрэг хэрэглэх боломжтой хэрэгслийг олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл гэх ба үүнд дараах хэрэгсэл хамаарна:

19.4.1.олон хүнд нэгэн зэрэг нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч;

19.4.2.усан хөөрөг;

19.4.3.утаан хөшиг үүсгэгч;

19.4.4.олон хүнд нөлөөлөх бусад тусгай хэрэгсэл.

19.5.Нэг хүнд нөлөөлөх хэрэгслийг нэг бүрийн тусгай хэрэгсэл гэх ба үүнд дараах хэрэгсэл хамаарна:

19.5.1.гар, хөл, хурууны гав;

 19.5.2.хүлэг, ороох цамц;

 19.5.3.резинэн бороохой;

 19.5.4.цахилгаан гүйдлээр цохигч;

19.5.5.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

19.5.6.резинэн ба хуванцар сумтай буу;

19.5.7.нэг бүрийн бусад тусгай хэрэгсэл.

19.6.Цагдаагийн байгууллага нисдэг тэрэг, хуягт тээвэрлэгч, газар, уснаа явагч зэрэг тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгсэл албадан зогсоогч, эвдэгч, галт хэрэглэл, гэрэл, дууны хэрэгсэл, тусгай будагч, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгагч, тээврийн хэрэгслийн хурд хэмжигч, албаны нохой зэрэг бусад тусгай хэрэгсэл ашиглах эрхтэй.

19.7.Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэх албан хаагчид галт зэвсэг олгож болно.

19.8.Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг бие даан гаргана.

19.9.Түр саатуулах байргүй газарт гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, саатуулагдсан этгээдийг энэ хуулийн 19.5.1, 19.5.2, 19.5.7-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэн тусгаарлаж болно.

19.10.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг цагдаагийн байгууллагын дарга, түүний эрх олгосноор тухайн ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан гаргаж доор дурдсан журмаар хэрэгжүүлнэ:

19.10.1.шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хэрэглэх тусгай хэрэгслийн төрөл, тоо хэмжээ, хэрэглэх хүрээ, дэс дараалал, эхлэх, дуусгах шийдвэрийг гаргах;

19.10.2.цагдаагийн алба хаагчийг хамгаалах тусгай хэрэгслээр хангах;

19.10.3.цаг хугацааны хувьд боломжтой бол прокурорт урьдчилан мэдэгдэх;

19.10.4.эмнэлгийн болон мэргэжлийн байгууллагад мэдэгдэх;

19.10.5.уг хэрэгслийн нөлөөлөх бүсэд байгаа жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй этгээдийг тухайн бүсээс холдох талаар тусгай хэрэгсэл хэрэглэхээс өмнө анхааруулах;

19.10.6.боломжтой бол тухайн тусгай хэрэгслийн үйлчлэх нөлөөллийн талаар анхааруулах.

19.11.Олон хүнд зэрэг нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсний дараа энэ хуулийн 19.10-т заасан албан тушаалтан холбогдох байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авна:

19.11.1.хордсон хүн, амьтан, тэсэрч дэлбэрэх бодис, гал түймэр гарах эх үүсвэр байгаа эсэхийг шалгаж холбогдох арга хэмжээ авах;

19.11.2.шаардлагатай хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээ авах;

19.11.3.тухайн орчныг ариутгах, цэвэршүүлэх арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;

19.11.4.тусгай хэрэгслийн үйлчлэх чадвар дуусах хүртэл тухайн орчинд харуул хамгаалалт гаргаж, иргэдэд зөвлөгөө, сануулга өгөх.

19.12.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсэн үндэслэл, явц, үр дүн, хүний эрүүл мэндэд гарсан өөрчлөлт, эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээ авсан тухай дэлгэрэнгүй илтгэх хуудсыг нэн даруй бичиж шууд захирах даргад, шууд захирах дарга нь дээд шатны байгууллагын даргад танилцуулна.

20 дугаар зүйл.

20.1.Цагдаагийн алба хаагч дараах тохиолдолд галт зэвсэг хэрэглэх эрхтэй:

20.1.1.цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон, тээврийн хэрэгсэл унаж зугтаан орчиндоо аюул бий болгосон;

20.1.2.галт зэвсгийг нь булаахаар довтолсон;

20.1.3.цагдаагийн хамгаалалтад байгаа бүс, объект руу хууль бусаар зэвсэг хэрэглэн нэвтрэн орсон, эсхүл бүлэглэн довтолсон;

20.1.4.барьцаанд байгаа хүнийг суллах;

20.1.5.хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, онц аюултай гэмт хэрэгтэн болон сэрдэгдсэн этгээд оргон зугтсан бөгөөд түүнийг баривчлах үед хүч хэрэглэн эсэргүүцсэн;

20.1.6.галт зэвсэг, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн этгээд зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;

20.1.7.хуяглан хүргэж яваа этгээдийг суллахаар зэвсэг хэрэглэн довтолсон, эсхүл бүлэглэн довтолсон;

20.1.8.баривчлах, саатуулах, хорих, цагдан хорих байранд эмх замбараагүй байдал үүсч хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах нөхцөл байдал бий болсон;

20.1.9.бусдын албаны болон орон байр руу зэвсэглэн, бүлэглэн довтолсон этгээдийн дайралтыг таслан зогсоох, эзлэн авсныг чөлөөлөх;

20.1.10.нийтийн эмх замбараагүй байдал үүссэн үед галт зэвсэг хэрэглэн довтолсон, хамгаалсан, хориглосон этгээдэд;

20.1.11.иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор уршиг учруулж болзошгүй болон учруулж байгаа амьтныг устгахад;

20.1.12.анхааруулга, түгшүүрийн дохио өгөх, тусламж дуудах;

20.1.13.бэлтгэл, сургуулилтын үед.

20.2.Цагдаагийн алба хаагч галт зэвсгийг дараах журмын дагуу хэрэглэнэ:

20.2.1.энэ хуулийн 20.1.1-20.1.10-т заасан тохиолдол бий болсон үед галт зэвсгээ бэлэн байдалд авах;

20.2.2.тухайн этгээдэд галт зэвсэг хэрэглэх тухай сануулах, тодорхой зай байрлал тогтоох, хууль бус үйлдлээ зогсоохыг шаардах, эсхүл идэвхтэй үйлдэл хийхийг хориглох;

20.2.3.энэ хуулийн 20.2.2-т заасны дагуу сануулсны дараа тухайн этгээд үйлдлээ үргэлжлүүлсэн тохиолдолд галт зэвсэг хэрэглэх.

20.3.Галт зэвсэг хэрэглэсний улмаас хүн гэмтсэн тохиолдолд эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх арга хэмжээ авч эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэнэ.

20.4.Галт зэвсэг хэрэглэсний улмаас хүн нас барсан тохиолдолд прокурор, эрх бүхий албан тушаалтан ирэх хүртэл цогцос, хэргийн газрыг хамгаалалтад авна.

20.5.Цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэсэн үндэслэл, хүний биед учирсан гэмтэл, үзүүлсэн тусламж, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн тухай шууд захирах даргадаа нэн даруй танилцуулж, бичгээр тайлбар үйлдэх бөгөөд шууд захирах дарга нь прокурорт мэдэгдэнэ.

21 дүгээр зүйл.

21.1.Хүний амь насанд аюултайгаар зэвсэглэн эсэргүүцсэн, довтолсон, бүлэглэн дайрснаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй болох нь тодорхой, эсхүл бие махбодийн хөгжлийн бэрхшээлтэй нь илт мэдэгдэж байгаа этгээдэд тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхийг хориглоно.

21.2.Хүний амь насанд аюултайгаар зэвсэглэн эсэргүүцсэн, довтолсон, бүлэглэн дайрсан, эсхүл амиа хорлож болзошгүйгээс бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй болох нь тодорхой, эсхүл бие махбодийн хөгжлийн бэрхшээлтэй нь илт мэдэгдэж байгаа этгээдэд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.

21.3.Тухайн этгээд аюулгүй болсон тохиолдолд цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.

22 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                       З.ЭНХБОЛД

 


СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна