/ / ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ /II хэсэг/

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ /II хэсэг/

/Эхлэл I хэсэгт/


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ШУУРХАЙ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

27 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах

27.1.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ дараах эрх эдэлнэ:

27.1.1.гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн бусад аюул гарсан, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт очих, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүнийг эмнэлэгт хүргэх, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх, түүнийг цагдаагийн байгууллагад хүргэх зорилгоор тээврийн хэрэгсэлийг дайчлан ашиглах;

27.1.2.шуурхай мэдээлэл нийтэд түгээх шаардлага гарсан тохиолдолд өмчийн харьяалал харгалзахгүйгээр хэвлэл, мэдээлэл, холбооны хэрэгсэл ашиглах;

27.1.3.тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх;

27.1.4.дүрэмт хувцастайгаар албан үүргээ гүйцэтгэх үедээ хот, суурингийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр үнэ төлбөргүй зорчих;

27.1.5.гэмт хэргийн тухай мэдээллийг хойшлуулшгүй шалгах, гэмт хэрэгтнийг баривчлах шаардлага гарсан тохиолдолд зорчигч тээврийн хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх.

27.2.Дипломат төлөөлөгчийн болон үүргээ гүйцэтгэж яваа тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, түүнчлэн техникийн ослын дуудлагын автомашиныг энэ хуулийн 27.1.1-д заасны дагуу дайчлан ашиглахыг хориглоно.

27.3.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан ажиллагаанаас гарсан зардлыг нөхөн төлнө.

27.4.Цагдаагийн алба хаагчид албан хэрэгцээнд шаардлагатай алба-амины автомашин, мотоцикл, морь, тэмээг гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж болно. Алба-амины автомашин, мотоциклд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж болно.

28 дугаар зүйл.Алба хаагчийн агсамж

28.1.Алба хаагч үүрэг гүйцэтгэх үедээ гав, бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, холбооны хэрэгсэл, гар чийдэн, дүрс, дуу бичлэгийн хэрэгсэл зэрэг иж бүрдэл бүхий агсамжаар хангагдах бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ.

28.2.Алба хаагч гүйцэтгэх үүрэг болон улирлын байдалд тохирсон дүрэмт хувцас, хутга, сум үл нэвтрэх болон гэрэлтүүлэгчтэй хантааз зэрэг хамгаалах хэрэгслээр хангагдсан байх бөгөөд гүйцэтгэх үүргийн онцлогоос хамаарч агсамжид багтах зүйлийг нэмж олгоно.

28.3.Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэх алба хаагчид галт зэвсэг олгох, алба хаагч нь галт зэвсгийг биедээ авч явах эрхтэй.

28.4.Алба хаагч нь амралтын цагаар, эсхүл энгийн хувцастай үүрэг гүйцэтгэх тохиолдолд хамгаалах тусгай хэрэгсэл, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч биедээ авч явж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор хэрэглэж болно.

28.5.Галт зэвсэг хадгалах, хамгаалах, бүртгэх, тавьж олгох журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

29 дүгээр зүйл.Үйл ажиллагаандаа тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сүлжээ, сан үүсгэж ашиглах

29.1.Цагдаагийн байгууллага доор дурдсан тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан үүсгэн, үйл ажиллагаандаа ашиглана:

29.1.1.гэмт хэрэгт сэжиглэгдсэн, мөрдөгдөж байгаа хүний талаар;

29.1.2.ял шийтгүүлсэн хүний талаар;

29.1.3.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулсан хүний талаар;

29.1.4.гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан хүний талаар;

29.1.5.эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ялаас чөлөөлөгдсөн, ялыг хойшлуулсан хүний талаар;

29.1.6.хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй мөн хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа, хүүхэдтэй хэрцгий харьцаж байгаа хүн, хуулийн этгээдийн талаар;

29.1.7.шүүхийн шийдвэр гараагүй, өршөөл үзүүлэх шийдвэрийн дагуу хэрэг нь шийдэгдсэн хүний талаар;

29.1.8.гэмт хэрэгт хохирсон хүний талаар;

29.1.9.зөрчил гаргасан этгээдийн талаар;

29.1.10.эрэн сурвалжлагдаж байгаа хүний талаар;

29.1.11.тээврийн хэрэгсэл эзэмшигчийн талаар;

29.1.12.жолоодох эрхийн үнэмлэх авсан хүний талаар;

29.1.13.эрүүл мэнд болон өндөр насны улмаас тусламж авах, өөрийн тухай мэдээлэл өгөх чадваргүй хүний талаар;

29.1.14.гэрээт болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн талаар;

29.1.15.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналтад байгаа хүний талаар;

29.1.16.төрийн тусгай хамгаалалтад байгаа хүний талаар;

29.1.17.галт зэвсэг эзэмшигчийн талаар;

29.1.18.Монгол Улсаас албадан гаргасан хүний талаар;

29.1.19.цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэсэн тохиолдлын талаар;

 29.1.20.гарын хээ, сум, хонгио, генетикийн мэдээлэл;

29.1.21.бусад.

29.2.Цагдаагийн байгууллага мэдээллийн санд байгаа мэдээллийг энэ хуульд заасан зорилгоор ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

29.3.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу гадаад улсын хууль сахиулах байгууллага болон олон улсын цагдаагийн байгууллагад тэдгээрийн хүсэлтээр мэдээллийн сангаас мэдээлэл өгч болно.

29.4.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 29.3-т заасны дагуу мэдээлэл хүссэн зорилго, өгсөн мэдээллийн тухай бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

29.5.Мэдээлэл нэгтгэн боловсруулах үүрэг бүхий төв болон энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 


ДОЛООДУГААР БҮЛЭГ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТ

30 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын төсөв

30.1.Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь уг байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан шаардлагын хүрээнд цагдаагийн алба хаагчийн хүнс, эдийн хангалт, сургалтын байр, сургалт, бэлтгэл, холбоо, мэдээлэл технологийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, хамгаалах болон тусгай хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, техник хэрэгслийн зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

31 дүгээр зүйл.Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх

31.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчийг орон байр, хүнс, тээвэр, холбооны хэрэгслээр хангах, томилогдсон алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж болно.

32 дугаар зүйл.Цагдаагийн хөгжлийн сан

32.1.Цагдаагийн төв байгууллага нь алба хаагчдынхаа үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цагдаагийн байгууллагын материаллаг нөөцийг бэхжүүлэх зорилгоор хөгжлийн сантай байна.

32.2.Цагдаагийн хөгжлийн санг захиран зарцуулахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

 


НАЙМДУГААР БҮЛЭГ
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ, АЖИЛТНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

33 дугаар зүйл.Цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг

33.1.Цагдаагийн алба хаагч нь Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

33.2.Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэхдээ холбогдох хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ.

33.3.Хэрэв цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа бол энэ тухайгаа шууд захирагдах албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.

33.4.Цагдаагийн алба хаагч үйл ажиллагаандаа тэмдэглэл, илтгэх хуудас бичих, гар зураг үйлдэх, фото зураг авах, дүрс, дууны бичлэг хийх, полиграф ашиглах болон бусад арга хэрэглэнэ.

33.5.Хуульд зааснаас бусад тохиолдолд цагдаагийн алба хаагч хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хайх, цуглуулах, хэрэглэх, тараахыг хориглоно.

33.6.Цагдаагийн байгууллага, алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэнэ.

34 дүгээр зүйл.Цагдаагийн албан тушаалын цол

34.1.Цагдаагийн алба хаагчид доор дурдсан албан тушаалын цол олгоно:

34.1.1.дээд цол: тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар;

34.1.2.ахлах цол: цагдаагийн хурандаа, цагдаагийн дэд хурандаа, цагдаагийн хошууч;

34.1.3.дунд цол: цагдаагийн ахмад, цагдаагийн ахлах дэслэгч, цагдаагийн дэслэгч;

34.1.4.бага цол: цагдаагийн ахлах ахлагч, цагдаагийн ахлагч, цагдаагийн дэд ахлагч.

34.2.Тэргүүн комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын даргад, тэргүүн дэд комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын тэргүүн дэд даргад, дэд комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын дэд даргад, туслах комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын албаны даргад тус тус олгоно.

34.3.Цагдаагийн хурандаа цолыг цагдаагийн төв байгууллагын бүтцийн нэгжийн дарга болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, тэдгээртэй адилтгах удирдах албан тушаалтанд, цагдаагийн дэд хурандаа цолыг харьяа алба, нэгжийн дарга, тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах удирдах албан тушаалтанд, цагдаагийн хошууч цолыг тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаалтанд тус тус олгоно.

34.4.Энэ хуулийн 34.3-т заасан адилтгах албан тушаалын ангилал, зэрэглэлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, энэ хуулийн 34.1.3, 34.1.4-т заасан цолны албан тушаалын ангилал, зэрэглэлийг цагдаагийн төв байгууллагын дарга тус тус тогтооно.

34.5.Хотын цагдаагийн байгууллагын даргад туслах комиссар цол олгож болно.

34.6.Цагдаагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гадаад, дотоодын сургуульд суралцаж байгаа иргэнд цагдаагийн сонсогч цол олгож болно.

35 дугаар зүйл.Цагдаагийн албан тушаалын цол олгох

35.1.Цагдаагийн алба хаагчид энэ хуулийн 34.1-д заасан албан тушаалын цолыг түүнийг томилох эрх бүхий албан тушаалтан олгоно.

35.2.Цагдаагийн алба хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдөхөд түүнд цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа эдэлж байсан хамгийн дээд цолыг нь хадгалуулна.

35.3.Цагдаагийн албан тушаалын цол олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

36 дугаар зүйл.Цагдаагийн албан тушаалын цолыг бууруулах, хураах

36.1.Цагдаагийн алба хаагчийн албан тушаалыг бууруулсан бол түүнд шинээр томилогдож байгаа албан тушаалынх нь цолыг олгоно.

36.2.Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөнөөс бусад тохиолдолд цагдаагийн албан тушаалын цолыг хураана.

37 дугаар зүйл.Алба хаагч, ажилтны баталгаа

37.1.Цагдаагийн алба хаагч, ажилтан нь Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан баталгаанаас гадна доор дурдсан баталгаагаар хангагдана:

37.1.1.гүйцэтгэж байгаа албан үүргийнхээ шинжийг харгалзан зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх;

37.1.2.албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас алба хаагч, ажилтан түүний гэр бүлийн гишүүн нь цагдаагийн байгууллагаар хамгаалуулах;

37.1.3.албаны орон байраар хангуулах;

37.1.4.Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж бэртсэний улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг Засгийн газар хариуцах;

37.1.5.байгууллагын захиалгаар давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах;

37.1.6.хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа.

37.2.Цагдаагийн алба хаагч, ажилтан нь албан үүргээ гүйцэтгэж явах үедээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон зардлыг тогтоосон журмын дагуу байгууллагаас нөхөн авна.

37.3.Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба хаагчийг албаны орон сууцаар хангах асуудлыг цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, мөн нийтийн хэв журам хамгаалах алба хаагчийг албаны орон сууцаар хангах асуудлыг аймгийн Засаг дарга тус тус шийдвэрлэнэ.

37.4.Засгийн газраас санхүүжүүлсэн албаны орон сууц нь цагдаагийн байгууллагын өмч, орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн албаны орон сууц нь орон нутгийн өмч байна.

38 дугаар зүйл.Цагдаагийн алба хаагчид олгох нөхөн олговор, тусламж

38.1.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн алба хаагчийн гэр бүлийн нэг гишүүнд түүний сүүлд авч байсан нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам олгоно.

38.2.Энэ хуулийн 38.1-д заасан тэтгэмж авах эрх бүхий цагдаагийн алба хаагчийн гэр бүлийн гишүүний дарааллыг дараах байдлаар тогтооно:

38.2.1.тухайн алба хаагчтай гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр /нөхөр/;

38.2.2.насанд хүрээгүй хүүхэд;

38.2.3.тухайн алба хаагчтай хамт амьдарч асрамжид нь байсан эцэг, эх, насанд хүрээгүй дүү;

38.2.4.тухайн алба хаагчийн асрамжид байсан төрсөн ах, эгч, дүү нь хөгжлийн бэрхшээлтэй бол.

38.3.Энэ хуулийн 38.2-т заасан эрх бусад этгээдэд шилжихгүй.

38.4.Цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан бол энэ хуулийн 38.1-д заасан баталгаа нэгэн адил хамаарна.

38.5.Энэ хуулийн 38.1-д заасан зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

38.6.Цагдаагийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно.

39 дүгээр зүйл.Бусад баталгаа

39.1.Аймгийн төвөөс бусад суманд томилогдсон цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ.

39.2.Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална.

 


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

40 дүгээр зүйл.Цагдаагийн албаны үйл ажиллагаанд тавих хяналт

40.1.Цагдаагийн алба нь хууль сахиулах үүргээс бусад асуудлаар аливаа байгууллага, албан тушаалтантай Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу харилцана.

40.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цагдаагийн албаны үйл ажиллагаанд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хяналт тавина.

40.3.Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо цагдаагийн албаны мөрдөн шалгах нууц ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина.

40.4.Цагдаагийн албаны мөрдөн шалгах ажиллагаанд шүүх, прокурорын байгууллага холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт тавина.

40.5.Хүний эрхийн Үндэсний Комисс бүрэн эрхийнхээ хүрээнд цагдаагийн алба, алба хаагчийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтын хэрэгжилтэд хяналт тавина.

41 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

41.1.Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна.

41.2.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүрэгтэй нь холбогдуулан алба хаагч, түүний хамаарал бүхий этгээдийг болон тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг заналхийлсэн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

41.3.Энэ хуулийн 41.2-т заасан "хамаарал бүхий этгээд"-ийг Тахарын албаны тухай хуулийн 3.1.3-т зааснаар ойлгоно.

42 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

42.1.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна